News

2018.03.5 Пассив хаус тест

Дулааны алдагдал бууруулах, тасалгааны температурын жигд байдлыг хадгалах үндсэн нөхцөл нь барилгын битүүмжлэл байдаг. Битүүмжлэлийн хэмжээг Үлээгч Хаалганы хэмжилтээр ( Blower Door test) бодит барилга дээр хэмждэг ба, тогтмол даралттай орчинд сийгэлтээр солигдож байгаа агаарын эзэлхүүнээр тодорхойлогддог байна. Энэ хэмжилтийн утга пассив барилгад 0,6 ACH/h буюу 50па даралттай орчинд барилгын эзэлхүүний 60 хувиас хэтрэхгүй эзэлхүүнтэй агаар нэвчихийг зөвшөөрдөг. Барилгын дотоод засал дуусахаас өмнө бодит хэмжилтээр энэ утгаас давсан тохиолдолд битүүмжлэлийг сайжруулах арга хэмжээ авах нь тохиромжтой байдаг тул тус төслийн барилгад заслын ажлаас өмнө хэмжилтийг амжилттай хийлээ. Пассив хаусын үндсэн шаардлага болох 0,6 ACH/h хэмжээг хангасан үзүүлэлт гарсан тул дотор заслын ажлыг үргэлжлүүлэх боломжтой боллоо.

2018.03.1 Дулааны камер зураг авалт

Тус барилгын хана, дээврийг дулааны гүүргүйгээр 70см зузаан целлюлоз дулаалгаар дулаалсан. Дулаалгын хийцлэлийн тасралтгүй, үргэлжилсэн байдлыг шалгахын тулд хэт ягаан туяаны камераар зураг авалт хийж шалгахад зурагт үзүүлсэн байдалтай байв. Ханын дулаалга нэгэн хэвийн өнгөөр харагдаж байгаа нь ямар нэгэн дулааны гүүргүй жигд дулаалагдсан байдлыг харуулж байна. (Зургийн зүүн хэсэгт харагдах барилгын гадна шатны хэсэгт өөрчлөлт байгаа боловч энэ нь зөвхөн барилгын шатны зурагт үзүүлсэн нөлөөлөл юм)

2018.02.1 Нарны цахилгаан үүсгүүр

Цахилгааны эх үүсвэргүй нөхцөлд ердийн хэрэглээний цахилгааныг нараар хангах үндсэн зорилгын хүрээнд төлөвлөгдсөн 2кв системийг суурьлуулж амжилттай туршлаа. Босоо 90 градусаар байршуулсан хавтангууд нь тоосжилт хурах эрсдэл багатайгаас гадна өвлийн нарыг түлхүү ашиглах давуу талтай, мөн салхины ачааллыг бууруулахын тулд барилгын урд ханыг ашигласан. 2кв ын цахилгаан хувиргагчид тус бүр 250ваттын чадалтай 4 хавтан шууд холбогдсон байгаа нь гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон гэрэлтүүлгийг үндсэндээ хангах бөгөөд, нэмэлт 5 хавтан нь хэрэглээний халуун усыг шууд халаах туршилтанд ашиглагдаж байна.

2018.01.15 Нарны дулаан хураагч

Нарны эрчим хүчийг шууд дулаанд хувирган авах нь ашигт үйл өндөртэй гэж тооцогддог. Ойролцоогоор 1мкв талбай тутамд 1кв эрчим хүч нарнаас авдаг гэж үзвэл дулааны эрчим хүч болгон ашиглахад 80 орчим хувь буюу 800вт дулааныг ашиглах боломжтой юм.

2017.07.25 Монголын анхны пассив хаус төсөл

Бидний хэрэгжүүлж буй 82мкв амины орон сууцны төсөл амжилттай үргэлжилж байна. Төслийн хамгийн чухал хэсэг болох нарны эрчим хүчийг халаалт, хэрэглээний халуун усанд ашиглах төхөөрөмж хамгийн түрүүнд хийгддэг. Газрын хөрсний хөлдөлтийн гүнээс доош суурилсан дулаан хураагуурт нэг айлын бүтэн сарын хэрэглээний дулааны эрчим хүчийг нөөцөлнө.

Зураг дээр суурийн доор байрлах дулаан хураагуурын газар шорооны ажил явагдаж байгаа байдал.

2017.06.23 Анхны Пассив хаус

Манай төслийн 82м2 хаусны анхны барилгын гэрээ байгуулагдлаа. Түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний онцлох чанарууд нь, өвөл зуны аль ч улиралд тасалгааны хэмийг тогтмол 20-23 градуст барьж, тасалгааны чийгшил 25-40 хувь, халаалтын зардал жилдээ 52квц/м2 буюу ердийн орон сууцнаас 8 дахин бага, 100 хувь сэргээгдэх эрчим хүчинд тулгуурлаж хэрэглээний цахилгаан, дулааныг шийдвэрлэсэн, сааарал усыг дахин ашиглах бохирын цэвэрлэх байгууламжтай төлөвлөгдсөн.

Бид энэхүү барилга угсралтыг 2017 оны 9р сард дуусгаж 1 жилийн хугацаанд нэмэлт тохиргоонуудыг хийж тогтворжуулсанаар дээрх үндсэн үзүүлэлтүүдийг хангах юм.

2017.04.20 Дулаан хураагуур

Дэлхийн хэмжээнд улс орнуудын эрчим хүчний нийт хэрэглээний 40 хувь орчим нь орон сууцны хэрэглээ байдаг байна. Үүнд орон сууцыг барьж угсархад зарцуулж байгаа төмрийн хайлшийг бэлдэх энерги хүртэл тооцоологдсон байдаг ба, зөвхөн ашиглалтын зардал болох хэрэглээний эрчим хүч, халаалт, халуун ус, хөргөлт зэргийг ялган авч үзвэл 13 орчим хувь байдаг. Энэ нь хүнд аж үйлдвэрлэл буюу автомашин, галт тэрэг зэрэг асар их энерги хэрэглэж хүлэмжийн хийн ялгаралд ихээхэн хувь нэмэр оруулж буй салбарын дараа орох асар их хэрэглээ юм. Иймээс энэхүү энергийн зарцуулалтыг бууруулах нь байгаль орчинд төдийгүй эдийн засагт асар их ач холбогдолтой алхам билээ. Ялангуяа, халаалтын эрчим хүч нь нийт орон сууцны эрчим хүчний хэрэглээний 80 хувьд хүрдэг тул хамгийн түрүүнд дулаан алдагдал, нарны эрчим хүчний хэрэглээнд гол анхаарал ханддаг.

Тэр дундаа нарны эрчим хүч нь зөвхөн нэг өдөрт тусах нарны эрчим хүчээр бүтэн жилийн дэлхийн эрчим хүчний эх үүсвэр болох боломжтой бөгөөд, бүрэн ашиглаж чадвал асар их эрчим хүчний илүүдэлтэй байхаар юм гэж эрдэмтэд судлаачид үздэг. Хамгийн төвөгтэй асуудал нь нарны эрчим хүчийг хурааж нөөцлөх, хэрэгтэй үедээ ашиглах технологийн асуудлуудыг шийдэх нь тулгамдсан асуудал болоод байна. Цахилгаан хураагуур нь өртөг өндөртэй, ашигт үйлийн коэфициэнт багатай, насжилт багатай, овор ихтэй, хортой хог хаягдал гардаг, үйлдвэрлэлийн явцад ихээхэн хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг гэх мэт сул талуудтай.